etop.mn

Apple, Qualcomm компаниуд тохиролцсоны дараа Intel тоглоомоос гарлаа

Apple, Qualcomm компаниудын хоёр жил үргэлжилсэн патентын маргаан өндөрлөсөн тухай мэдээ дэлхийн технологийн салбарын анхаарлын төвд байна.

Тэд асуудлаа шүүхээс гадуур шийдэж, харилцан ашигтай ажиллахаар болжээ. Үр дүнд нь Apple компани Qualcomm-д тодорхой хэмжээний төлбөр төлөхөөс гадна патентыг нь эзэмших зургаан жилийн гэрээ байгуулахаар болсон байна. Гэрээний хугацаа цааш сунгагдах боломжтой гэнэ.

Мөн Qualcomm компани бүтээгдэхүүнээ Apple-д олон жилийн хугацаанд нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Qualcomm-ийн модемыг Apple компани iPhone гар утсандаа ашиглахаар болжээ.

2017 оны нэгдүгээр сард анх Apple компани Qualcomm-ийг зах зээлд давамгай байдлаа ашиглан үндэслэлгүй өндөр патентын төлбөр авч байна гэж шүүхэд гомдол гаргасан юм. Дараа нь Qualcomm мөн Apple-ийг технологийн хулгай хийсэнд буруутгаж, хариу шүүхэд өгчээ.

Энэ хооронд Apple гар утасны модемоо Intel компаниас авдаг байв. Гэвч Qualcomm-ийн модем хурдны хувьд Intel-ээс үргэлж түрүүнд явдаг. Дэлхий нийтээр 5G технологид шилжих гэж байгаа хариуцлагатай цаг үе тулж ирсэн нь Apple-ийг Qualcomm-той тохиролцоход хүргэсэн бололтой. Зарим хэвлэлүүд өмнө нь чанартай 5G модем нийлүүлэх Intel-ийн боломжид Apple эргэлзэж, болгоомжилж байгаа тухай мэдээлж байв.

Хоёр компани тохиролцоонд хүрсэн мэдээлэл гарснаас хэдхэн цагийн дараа Intel компани мэдэгдэл гаргажээ. Тус компани гар утасны 5G модемны зах зээлийг орхиж, зөвхөн PC, смарт төхөөрөмжүүдийн 4G, 5G модемнуудыг үйлдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулахаар болсон байна.

Маргаанаа дуусгахын тулд Apple хэр хэмжээний мөнгө Qualcomm-д төлснийг талууд нууцалж байгаа юм. Ямартай ч 5G технологид дэлхий нийтээр шилжих хариуцлагатай цаг үед Qualcomm зах зээлд байр сууриа бэхжүүлэх том алхам хийсэн бололтой.

 

Эх сурвалж: The Verge

Сэтгэгдэл үлдээх