etop.mn

АНУ-ын эрх баригчид 6G технологийн туршилтын лицензийг гаргахаар шийджээ

АНУ-ын Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл (FCC) өнгөрсөн Баасан гарагт 6G технологийн туршилтанд зориулж “терагерц долгион”-ы зурвасыг ашиглуулж эхлэх шийдвэр гаргажээ.

95 Гигагерцээс 3 Терагерц завсарт багтах уг долгионы зурваст инженерүүд алс ирээдүйн харилцаа холбооны технологи ямар байх төсөөллөө туршиж эхэлнэ гэсэн үг юм.

FCC байгууллага энэ зорилгоор 10 жилийн хугацаатай лицензийг инновацийн тэргүүлэгчдэд олгох ажээ.

Өнөөдөр АНУ-ын компаниуд 5G технологийг нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа. Тухайлбал AT&T компани өнгөрсөн оны сүүлээр арав орчим хотод 5G сүлжээгээ ажиллуулж эхэлсэн.

Энэ онд тэд нийт 21 хотыг шинэ технологийн сүлжээнд хамруулах зорилттой байна. Гэхдээ AT&T өөрийнх нь 5G сүлжээг ашиглах боломжтой ганцхан модемыг зах зээлд гаргаад байгаа юм.

Харин ирэх сард Verizon компани Samsung Galaxy S10 5G гар утастай хэрэглэж болох сүлжээгээ Чикаго, Миннеаполис хотуудад нээх гэж байна.

6G сүлжээний лицензийг олгож эхлэхээр болсныг ирээдүйн харилцаа холбооны салбарт АНУ тэргүүлэх боломжийг олгож байна гэж мэргэжилтнүүд үнэлжээ. Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн 5G-ээр тогтохгүй 6G технологид Америкийн компаниуд тэргүүлэх ёстой хэмээн твиттер хуудсандаа бичиж байв.

5G технологийн тэргүүлэх судлаач, Нью Йоркийн их сургуулийн профессор Тэд Раппапорт “ерөнхийлөгч Трамп саяхан 6G хэмээх нэр томьёог анх удаа дурдсан нь дэлхийн бусад орнуудын удирдагч нараас түрүүлсэн явдал байв. Манай орны удирдагч шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт Америкийн өрсөлдөх чадварыг дэмжиж байгаад нь би хувьдаа маш их талархаж байна” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: CNET

Сэтгэгдэл үлдээх