etop.mn

Хүний цоо шинэ төрөл зүйлийг Филиппинээс илрүүллээ

Хүний төрөл зүйлүүдийн жагсаалтад шинээр нэмэгдэх болсон амьтны үлдэгдлийг Филиппиний Лузон арал дээрх агуйгаас илрүүлснээ эрдэмтэд зарлажээ.

Арлын нэрийг оролцуулан “Homo Luzonensis” гэж нэрлэх болсон энэхүү амьтан нь хүн төрөлхтний эртний өвөг дээдсийн шинжийг сүүлийн үеийн хүний шинж чанартай хослуулснаараа онцлог юм.

Төсөөлж байснаас эрт цагт хүн дүрст амьтад Зүүн Өмнөд Азид ирснийг энэ нээлт харуулж байна. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдсийг энэ бүс нутагт ирэх үед хүний өөр гурван ч төрөл зүйл түрүүлээд ирсэн байсан гэсэн үг.

Хүний төрөл зүйлүүдийн шинэчилсэн жагсаалт
Тэдний нэг нь давжаа биетэй “Hobbit” буюу “Homo Floresiensis” гэгддэг Индонезийн Флорес аралд 50,000 жилийн өмнө хүртэл амьдарч байсан төрөл юм.

Бас Денисовын хүмүүс гэгддэг “Denisovan” төрлийнхний үлдэгдэл энэ бүсээс олдсон байдаг. Филиппиний хамгийн том арал Лузоны Каллао агуйгаас шинэ төрөл зүйлийн ясны үлдэгдлүүд олдсон юм.

Тэд 67,000-аас 50,000 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 2007 оноос хойш шүд, гар, хөлний яс зэрэг нийт 13 хэсэг үлдэгдэл олдоод байна. Сүүлийн олдвор нь тэднийг цоо шинэ төрөл зүйл болохыг баталжээ.

Энэ нээлт бас Африк тивээс хүний төрөл зүйлүүдийн хэн нь түрүүлж явсныг тодорхой хэлэх аргагүй болгож байна. Өмнө нь “Homo Erectus” төрлийн хүн дүрст амьтад 1.9 сая жилийн өмнө Африкаас хамгийн түрүүнд явсан гэж үздэг байв.

Тухайн үед Лузон арал руу зөвхөн далай тэнгис гатлан хүрэх боломжтой байсан гэдэг. Тэгэхээр “Homo Luzonensis” төрөл бүр эрт буюу Лузон арлыг эх газартай холбоотой байх үед хүрсэн байж болзошгүй юм.

Ийнхүү хүний хувьслын түүхийг шинээр бичихэд хүргэсэн олдворын тухай дэлгэрэнгүй мэдээлэл Nature сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх